СИНГАПУРЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ
Мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах хүсэлтэй залууст зориулан дэлхийн шилдэг сургууль төгссөн төгсөгчдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан, Сөүлийн үндэсний их сургуульд мастерын зэрэг хамгаалсан Ц.Жадамба оролцож сургуулийнхаа талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаа бид дахин нэг сонирхолтой зочныг урьж ярилцаж байна. Тэр бол Бөхчулууны Энхболд юм.
– Та өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулна уу?
– Миний нэрийг Бөхчулууны Энхболд гэдэг. МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Бизнесийн болон төрийн албанд ажиллагсдыг сургах, чадавхжуулах зөвлөгөө өгөх зорилгоор Хүний нөөцийн Академийг үүсгэн байгуулсан (www.humanresource.mn) Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, удирдлагын академийн багш, Мобиком, Ньюком компанийн мэргэжилтэн зэрэг ажлыг эрхэлж байсан.
– Таныг Сингапурын Үндэсний их сургуулийг төгссөн гэдгийг тань мэднэ. Сурч төгссөн сургуулийнхаа талаар танилцуулна уу?
– 2018 онд Сингапурын Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн Бодлогын Сургуулийг Төрийн захиргааны магистр зэрэгтэй төгссөн. “Дэлхийд үзүүлэх Азийн нөлөө уриатай” Сингапурын Үндэсний Их сургууль юм. Ази тивдээ нэгдүгээрт эрэмблэгддэг. Орчин үеийн Сингапур улсыг үндэслэгч Ли Куан Ю-гийн санаачилга, дэмжлэгтэй байгуулагдсан түүний нэрэмжит төрийн бодлогын сургууль нь дэлхийд төрийн бодлогын магистр, докторын зэрэг олгодог сургуулиудын дотроос топ аравдугаарт тогтмол бичигддэг. Харвард (Kennedy school), Оксфордын Блаватник, Колумбиа (SIPA), Лондонгийн Улс төр, эдийн засгийн сургууль(LSE), Индианагийн Төрийн бодлогын сургуулиудтай (IU SPEA) хамтран ажиллаж багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
– Тус сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн талаар танилцуулна уу?
– Нэг жилийн хугацаатай Төрийн захиргааны магистр (MPA), Харвардын Кеннедигийн Төрийн бодлогын сургуультай хамтарсан хөтөлбөр болох Төрийн удирдлагын магистр (MPM), хоёр жилийн хугацаатай Төрийн бодлогын магистр (MPP), Олон улсын харилцаа төрийн бодлогын магистр (MIA), Европын харилцаа болон төрийн бодлогын хос зэрэг олгох магистрын хөтөлбөр (Double Master Degree in Public Policy and European Affairs (MPP-MEA) Төрийн бодлогын докторын зэрэг (Phd in Public policy) олгох хөтөлбөрүүдтэй. Хоёр жилийн магистрын хөтөлбөрүүдэд нь ажилласан жил шаардахгүйгээр залуучуудыг хамруулдаг. Нэг жилд хэрэгждэг хоёр хөтөлбөр нь тодорхой хэмжээний ажилласан жил туршлага шаарддаг.
-Суралцах хугацаанд гарах зардал, төлбөрийн нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
– Дэлгэрэнгүй мэдээлэл нь сургуулийн албан ёсны цахим хуудаст бий. Тавигдах шаардлага, сургалтын төлбөрийн мэдээлэл гэх мэтээр тодорхой бий. https://lkyspp.nus.edu.sg
– Танай сургууль тэтгэлэг олгодог уу, тэтгэлгээр суралцахад ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
– Тэтгэлэг олголтоороо Азидаа төдийгүй дэлхийд дээгүүр байранд ордог. Миний хувьд 100 хувийн тэтгэлгээр суралцсан. Нийт суралцаж байгаа болон суралцаж төгссөн монгол залуус бүгд 100 хувь биш юмаа гэхэд бүгд 50 хувиас дээш хувийн тэтгэлэгтэй суралцаж төгссөн. Тэгэхээр Монгол залууст тэтгэлэгтэй суралцах өргөн боломж бий. Дор хаяж хоёр жилийн тууштай хүчин чармайлтын үр дүнд тэнцэнэ гэдгээ тооцож байх хэрэгтэй.
– Шинэ элсэлтийг хэзээ авдаг вэ?. Та өөрийнхөө элсэн орсон түүхээсээ хуваалцвал?
Жил бүрийн 12 сард өргөдлөө авч дууссан байдаг. Сургуулийн цахим хуудаст элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй танилцуулга байгаа. Миний хувьд тавигддаг бүх шаардлагынх нь дагуу материалаа бэлдсэн. Гол нь ажлын туршлага давуу тал болсон байх гэж боддог. Цаг хугацааны хувьд аль болох эрт эхэлж байж хугацаандаа амжина. Дор хаяж гурван сургуульд өргөдлөө гаргах нь зөв. Миний хувьд 5 сургуульд өргөдөл явуулаад хоёрт нь тэнцэж байсан.
Cургуульд apply хийхэд юун дээр илүү анхаарах вэ?
Мэдээж бүх сургууль шаарддаг эссе, тодорхойлолт, намтар, хэлний оноо шаардах нь тодорхой. Хамгийн гол нь эссе бичихдээ өөрийн хүсэл тэмүүлэл, зорилго төлөвлөгөөгөө сайн тодорхой тусгах ёстой. Ямар ажил төрөл эрхэлж нийгмийн тусын тулд ямар санаачлага гаргаж байсан суралцаж төгссөний дараа ямар өөрчлөлтийг хийж чадах вэ гэдгээ маш тодорхой гаргах хэрэгтэй. “Би тийм манлайлагч биш шүү дээ” гэсэн хандлагаар хандаж болохгүй. Хэзээ ч бүү шантраарай. Хүчин зүтгэлийг үргэлж амжилт дагаж байдаг.
-Сургууль танилцуулах буландаа таныг дараагийн эрхэмийг урьж challenge хөтөлбөр эхлүүлнэ үү гэж хүсч байна
Харвардын Кеннедигийн Төрийн бодлогын сургуулийг дүүргээд ирсэн Төрийн удирдлагын магистр (MPM) Содномдоржийн Санасэр -ийг урьж байна.
Хэрэгцээтэй мэдээлэл өгч цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
Т.Хулан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан www.pedf.mn